Үйлчилгээний нөхцөл
Хувилбар 3.5 · 2026-11-24
Энэ нөхцөл нь Verify.MN-ийн үйлчилгээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Нэр томьёог Нэр томьёо хуудсанд заасан утгаар хэрэглэнэ.
1. Нийтлэг үндэслэл
1.1. Verify.MN нь утасны дугаар баталгаажуулах, мессеж хүлээн авах ба илгээх, имэйл илгээх, төлбөрийн нэхэмжлэх үүсгэх, цахим төлбөрийн баримт гаргах үйлчилгээг API болон console-оор хүргэдэг платформ. Verify.MN-ийг «БАТУ МАЙНД» ХХК (улсын бүртгэлийн дугаар 6660398) эзэмшиж, ажиллуулна. Энэ нөхцөл, Нууцлалын бодлого болон Verify.MN-ийн бусад хуудсанд Verify.MN гэснийг уг платформ болон үйлчилгээг үзүүлэгч этгээд гэж ойлгоно.
1.2. Хөгжүүлэгч бүртгүүлж, энэ нөхцөлийг зөвшөөрснөөр Verify.MN ба Хөгжүүлэгчийн хооронд гэрээ байгуулагдана. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бүртгүүлсэн бол түүнийг төлөөлөх эрхтэй гэж үзнэ.
1.3. Үнийн хүснэгт, Нууцлалын бодлого, Нэр томьёо хуудас нь энэ нөхцөлийн салшгүй хэсэг. Зөрвөл энэ нөхцөл давуу.
1.4. Энэ нөхцөлийн талууд нь Verify.MN ба Хөгжүүлэгч. Захиалагч болон эцсийн хэрэглэгч энэ нөхцөлийн тал биш. Тэдний өмнө Хөгжүүлэгч өөрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээнэ.
2. Үйлчилгээ ба оролцогч талууд
2.1. Verify.MN дараах үйлчилгээтэй.
- Verify: эцсийн хэрэглэгч тусгай дугаарт мессеж илгээснээр утасны дугаараа баталгаажуулна.
- MicroPayment: эцсийн хэрэглэгч тусгай дугаарт нэмүү өртөгт мессеж илгээж, Хөгжүүлэгчийн бүтээгдэхүүний төлбөрийг утасны тооцоогоороо төлнө.
- Rule: тогтсон угтвартай мессеж бүрийг Хөгжүүлэгчийн callback хаяг руу дамжуулна.
- Notify: тусгай дугаараас эцсийн хэрэглэгчид бэлэн загварын мессеж илгээнэ.
- Email: эцсийн хэрэглэгчид бэлэн загварын имэйл илгээнэ.
- QPay: Хөгжүүлэгчийн системд QPay-аар төлбөр хүлээн авах нэхэмжлэх үүсгэнэ.
- eBarimt: Хөгжүүлэгчийн борлуулалтад цахим төлбөрийн баримт гаргана.
2.2. Verify.MN үйлчилгээг нээх, хаах, өөрчлөх эрхтэй. Хаалттай үйлчилгээ console болон API-д харагдахгүй, тэр үйлчилгээний хүсэлтэд API татгалзсан хариу өгнө.
2.3. Verify.MN нь үйлчилгээгээ хамтрагч байгууллагуудтай байгуулсан гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, өөрийн нэрийн өмнөөс үзүүлнэ. Хамтрагч байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Verify.MN өөрөө биелүүлж, өөрөө хариуцна. Verify.MN тэдгээр гэрээний эрх, үүргээ Хөгжүүлэгчид шилжүүлэхгүй.
2.4. Хөгжүүлэгч нь Verify.MN-ийн үйлчилгээг авч буй этгээд. Үйлчилгээг ашигласнаар тусгай дугаар, хамтрагч байгууллагын сүлжээ, систем, холболт, нэвтрэх эрхийг эзэмших, түрээслэх, захиран зарцуулах аливаа эрх Хөгжүүлэгчид шилжихгүй. Эдгээр нь Verify.MN-ийн эзэмшил, удирдлагад хэвээр үлдэнэ.
2.5. Энэ нөхцөлд өөрөөр заагаагүй бол Хөгжүүлэгч ба хамтрагч байгууллагын хооронд гэрээний харилцаа үүсэхгүй. Хөгжүүлэгч үйлчилгээтэй холбоотой бүх асуудлаар зөвхөн Verify.MN-д хандана.
2.6. Хамтрагч байгууллага бүр өөрийн сүлжээ, системийн ажиллагааг өөрөө хариуцна. Тэдгээрээс шалтгаалсан саатал, тасалдлыг 11-р бүлгээр зохицуулна.
2.7. Verify.MN эцсийн хэрэглэгчийн мөнгийг хүлээн авахгүй, хадгалахгүй, шилжүүлэхгүй. MicroPayment-ийн тарифыг үүрэн оператор өөрийн үйлчилгээний хүрээнд суутгана. QPay-ийн төлбөр төлбөр хүлээн авагчийн дансанд шууд орно. Хөгжүүлэгчид олгох орлогыг Verify.MN өөрийн орлогоос төлнө.
3. Бүртгэл, төсөл, API түлхүүр
3.1. Бүртгэл болон нэвтрэлт бүр Хөгжүүлэгчийн утасны дугаарыг тусгай дугаарт мессеж илгээж баталгаажуулснаар хийгдэнэ. Нууц үг, гуравдагч этгээдийн нэвтрэлт байхгүй. Мессеж илгээхэд үүрэн операторын тариф Хөгжүүлэгчийн утасны тооцооноос суутгагдана. Утасны дугаар тус бүрд нэг бүртгэл байна.
3.2. Имэйл хаяг сонголттой. Зөвхөн мэдэгдэл хүргэхэд ашиглагдах бөгөөд баталгаажуулсан имэйлд л мэдэгдэл илгээнэ. Имэйл нь нэвтрэлт, татан авалтад нөлөөлөхгүй.
3.3. Хөгжүүлэгч төсөл үүсгэж, төсөл бүрд ашиглах үйлчилгээгээ асаана. Шинэ төсөл бүх үйлчилгээ унтраалттай үүснэ. Унтраасан үйлчилгээний хүсэлтэд API татгалзсан хариу өгнө.
3.4. API түлхүүр үүсэх үедээ нэг удаа бүтнээр харагдана. Хөгжүүлэгч утасны дугаар, API түлхүүрээ нууцална. Түлхүүрээр хийгдсэн бүх хүсэлтийг Хөгжүүлэгчийн хүсэлт гэж үзнэ. Түлхүүр алдагдсан бол Хөгжүүлэгч console-оос нэн даруй шинээр авна. Шинээр авах хүртэл хийгдсэн хүсэлтийн үр дагаврыг Хөгжүүлэгч хариуцна.
3.5. Хөгжүүлэгч бүртгэл, API түлхүүрээ бусдад шилжүүлэх, худалдах, Verify.MN-ийн API-г өөрийн нэрээр бусдад дамжуулан борлуулахыг хориглоно. Захиалагчийн бүтээгдэхүүнд үйлчилгээг холбож өгөх нь үүнд хамаарахгүй бөгөөд 4-р бүлгээр зохицуулагдана.
3.6. Хөгжүүлэгч console-д өгсөн мэдээллээ (нэр, имэйл, банкны данс, брэнд, төлбөр хүлээн авах данс, борлуулагчийн мэдээлэл) үнэн зөв, шинэчлэгдсэн байлгана. Буруу мэдээллээс үүдсэн үр дагаврыг Хөгжүүлэгч хариуцна.
4. Хөгжүүлэгчийн бүтээгдэхүүн, захиалагч, эцсийн хэрэглэгч
4.1. Хөгжүүлэгч үйлчилгээг өөрийн бүтээгдэхүүнд эсвэл захиалагчийн бүтээгдэхүүнд холбож ашиглана. Аль ч тохиолдолд Verify.MN-ийн өмнө энэ нөхцөлийн үүргийг Хөгжүүлэгч хүлээнэ. Захиалагчийн үйлдэл, эс үйлдлийг Хөгжүүлэгчийн үйлдэл гэж үзнэ.
4.2. Хөгжүүлэгч захиалагчийн бүтээгдэхүүнд үйлчилгээг холбохын өмнө дараах зүйлийг захиалагчид бичгээр танилцуулж, зөвшөөрлийг нь авсан байна.
- Энэ нөхцөл болон Үнийн хүснэгт.
- Эцсийн хэрэглэгчээс суутгагдах тариф, шимтгэлийн хэмжээ.
- Орлого хэний дансанд, ямар хэмжээгээр, хэзээ орох.
- Үйлчилгээ хамтрагч байгууллагын сүлжээ, системээр дамждаг бөгөөд тэдгээрийн саатал, тасалдал үйлчилгээнд нөлөөлж болох.
4.3. Хөгжүүлэгч эцсийн хэрэглэгчийг мессеж илгээхээс эсвэл төлбөр төлөхөөс нь өмнө дараах зүйлийг ойлгомжтой, харагдахуйц байдлаар мэдээлнэ.
- Утасны тооцооноос суутгагдах үүрэн операторын тариф (жишээ нь Verify-д 150 ₮), эсвэл төлөх дүн.
- Төлбөр, мессеж ямар зорилготой болох.
- Бүтээгдэхүүнийг хэн эрхэлдэг болох, санал, гомдол хүлээн авах суваг.
Console-ийн Дэлгэцийн загвар хэсэгт заасан дүрэм нь эцсийн хэрэглэгчид харуулах дэлгэцийн доод шаардлага.
4.4. Хөгжүүлэгч эцсийн хэрэглэгчийн утасны дугаар, имэйл хаягийг ашиглах, түүнд мессеж, имэйл илгээх зөвшөөрлийг урьдчилан авсан байна. Мессеж, имэйлийг зөвхөн өөрийн бүтээгдэхүүнд бүртгүүлсэн, зөвшөөрөл өгсөн эцсийн хэрэглэгчид илгээнэ. Хүлээн авахаас татгалзсан хүнд дахин илгээхгүй.
4.5. Хөгжүүлэгч өөрийн бүтээгдэхүүний үйлчилгээний нөхцөлд дараах зүйлийг тусгасан байна.
- Бүтээгдэхүүнийг Хөгжүүлэгч (эсвэл захиалагч) эрхэлдэг бөгөөд бүтээгдэхүүн, үнэ, төлбөр, буцаалттай холбоотой санал, гомдлыг Хөгжүүлэгч хүлээн авч шийдвэрлэнэ.
- Verify.MN болон хамтрагч байгууллага нь Хөгжүүлэгч ба эцсийн хэрэглэгч, захиалагчийн хооронд байгуулсан хэлцлийн тал биш.
4.6. Хөгжүүлэгч Verify.MN болон хамтрагч байгууллагын нэрийн өмнөөс мэдэгдэл хийх, амлалт өгөхийг хориглоно. Тэдний нэр, логог зөвшөөрөлгүй ашиглахгүй. Төлбөрийн заавар харуулахад шаардлагатай тэмдэглэгээг Verify.MN-ийн зааврын дагуу ашиглаж болно.
4.7. MicroPayment болон Rule үйлчилгээг 18 нас хүрээгүй хүнд зориулсан төлбөртэй үйлчилгээнд ашиглахгүй.
5. Зөвшөөрөгдөх хэрэглээ
5.1. Хөгжүүлэгч үйлчилгээг ашиглахдаа Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, сонгуулийн хууль тогтоомж болон Монгол Улсын бусад хууль тогтоомжийг дагана.
5.2. Үйлчилгээг дараах зорилгоор ашиглахыг хориглоно.
- Хуулиар хориглосон бараа, ажил, үйлчилгээ, залилан, бусдыг төөрөгдүүлэх үйлдэл.
- Тусгай зөвшөөрөл, бүртгэл шаарддаг үйл ажиллагааг (сугалаа, мөрийтэй тоглоом, хандив цуглуулах, санхүүгийн үйлчилгээ зэрэг) холбогдох зөвшөөрөлгүйгээр эрхлэх.
- Сонгуулийн сурталчилгаа, улс төрийн ухуулга.
- Садар самуун агуулга.
- Үүрэн операторын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ижил төрлийн сурталчилгаа.
- Хүсээгүй мессеж, имэйл (спам), бусдын нэрийг барьсан илгээлт.
- Verify.MN болон хамтрагч байгууллагын сүлжээ, системд сөргөөр нөлөөлөх, шалтгаангүй ачаалал үүсгэх, хамгаалалтыг тойрох үйлдэл.
5.3. Тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаанд үйлчилгээг ашиглах бол Хөгжүүлэгч зөвшөөрлийн баримтаа Verify.MN-д урьдчилан ирүүлж, зөвшөөрөл авна.
5.4. Notify болон Email үйлчилгээгээр зөвхөн Verify.MN-ийн бэлэн загварын мессеж, имэйлийг илгээнэ. Сурталчилгаа илгээхгүй. Мессеж, имэйл бүрд төслийн брэндийн нэр орно. Загварт оруулах өгөгдөл, хүлээн авагчийн үнэн зөвийг Хөгжүүлэгч хариуцна.
5.5. Verify.MN нь хэрэглээг автомат болон гар аргаар хянах, үйлчилгээ, төсөл, хүлээн авагч тус бүрд тоо, давтамж, цагийн хязгаар тогтоох эрхтэй. Үүрэн оператор, бусад хамтрагч байгууллагын тогтоосон хязгаарыг Verify.MN үйлчилгээндээ мөрдүүлнэ.
6. Брэнд
6.1. Хөгжүүлэгч төсөлдөө зөвхөн өөрийн эсвэл ашиглах эрхтэй нэр, лого, вэб сайтыг бүртгүүлнэ. Бусдын брэндийг дуурайх, төөрөгдүүлэхүйц төстэй нэр ашиглахыг хориглоно.
6.2. Verify.MN брэндийг хянаж батална. Батлагдах хүртэл мессеж, имэйл зөвхөн Хөгжүүлэгчийн бүртгэлтэй утас, имэйл хаяг руу илгээгдэнэ. Нэр, лого өөрчлөгдөх бүрд дахин хянана.
6.3. Verify.MN брэндийг батлахаас татгалзах, баталсан брэндийг дахин хянах, зөрчил илэрвэл түдгэлзүүлэх эрхтэй.
6.4. Хөгжүүлэгч батлагдсан брэндийнхээ нэр, логог Verify.MN-д холбогдсон брэндийн нийтийн жагсаалтад харуулахыг зөвшөөрнө. Жагсаалтад тухайн брэнд ямар үйлчилгээ ашигладгийг харуулахгүй.
6.5. Брэндийн нэр, логоны эрхтэй холбоотой маргааныг Хөгжүүлэгч хариуцна.
7. Үнэ, орлого, зардал
7.1. Үйлчилгээ бүрийн нэгжийн үнэ Үнийн хүснэгтэд заагдана. Бүртгэл, сарын хураамж, эхлэлийн төлбөр байхгүй. Үнэ бүхэл төгрөгөөр, НӨАТ-гүй цэвэр дүнгээр тооцогдоно. НӨАТ-ыг цэнэглэлтийн үед нэмж авна (8.2).
7.2. Орлого. Verify, MicroPayment, Rule үйлчилгээний баталгаажсан мессеж бүрд болон QPay-ийн орлоготой төлөвлөгөөний гүйлгээ бүрд Үнийн хүснэгтэд заасан дүн Хөгжүүлэгчийн үлдэгдэлд нэмэгдэнэ. Хугацаа дууссан, давхардсан, таараагүй мессежид орлого орохгүй.
7.3. Зардал. Notify-ийн мессеж, Email-ийн имэйл, eBarimt-ын баримт ба баримтын цуцлалтын үнэ хүсэлтийн мөчид үлдэгдлээс хасагдана. QPay-ийн нэхэмжлэхийн хураамжтай төлөвлөгөөнд хураамж нэхэмжлэх төлөгдсөн үед үлдэгдлээс хасагдана. Хамтрагч байгууллага татгалзсан (амжилтгүй) хүсэлтийн зардал буцаан орно. Хамтрагч байгууллагын хариу ирээгүй (тодорхойгүй) хүсэлтийн зардал хэвээр үлдэнэ.
7.4. Үлдэгдэл 0 болоход зардалтай үйлдэл зогсоно. Орлого орох үйлдэл үргэлжилнэ.
7.5. Verify.MN үнийг өөрчлөх эрхтэй. Өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Хамтрагч байгууллага тариф, шимтгэлээ өөрчилснөөс үүдэх өөрчлөлтийг Verify.MN мэдсэн даруйдаа мэдэгдэж, хамтрагч байгууллагын тогтоосон өдрөөс мөрдөнө. Өөрчлөлтөөс өмнө бичигдсэн орлого, зардал өөрчлөгдөхгүй.
7.6. Эцсийн хэрэглэгчээс үүрэн оператор суутгах тариф нь үүрэн операторын үнэ бөгөөд Verify.MN-ийн үнэ биш. Тарифыг Үнийн хүснэгтэд нийтэд ил харуулна.
7.7. Орлого, зардлыг Verify.MN-ийн системийн бүртгэлээр тооцно. Үүрэн оператор эсвэл QPay тухайн гүйлгээг хүчингүй болгосон, төлбөрийг эцсийн хэрэглэгчид буцаасан, эсвэл Verify.MN-тэй хийх тооцоондоо оруулаагүй бол Verify.MN холбогдох орлогыг үлдэгдлээс хасаж залруулах эрхтэй. Залруулгыг шалтгааны хамт дансны хөдөлгөөнд харуулна.
8. Данс, цэнэглэлт, татан авалт
8.1. Хөгжүүлэгч бүрд нэг данс хөтлөгдөнө. Дансны хөдөлгөөн бүр бүртгэгдэж, console-ийн Данс хуудсанд харагдана.
8.2. Цэнэглэлт нь Хөгжүүлэгчээс Verify.MN-ийн банкны дансанд QPay-аар эсвэл дансаар шилжүүлж төлсөн урьдчилгаа төлбөр. Цэнэглэх дүн дээр НӨАТ 10 % нэмэгдэж нэхэмжлэгдэнэ. Жишээ нь 100 000 төгрөгөөр цэнэглэхэд 110 000 төгрөг төлж, үлдэгдэлд 100 000 төгрөг нэмэгдэнэ. Дансаар шилжүүлэхдээ нэхэмжлэхэд заасан гүйлгээний утгыг яг тэр хэлбэрээр бичнэ. Утга буруу бол цэнэглэлт автоматаар орохгүй бөгөөд Verify.MN шалгаж холбоно. Нэхэмжлэхийн дүнгээс өөр дүн шилжүүлбэл тухайн дүнгээс НӨАТ-ыг хасаад үлдэгдэлд нэмнэ. Төлбөр баталгаажсан мөчид дүн үлдэгдэлд орж, НӨАТ-ын баримт олгогдоно. Нэхэмжлэхийг өөр хүн төлж болох бөгөөд тэр тохиолдолд ч дүн нэхэмжлэх үүсгэсэн Хөгжүүлэгчийн үлдэгдэлд цэнэглэлт болж орно. Цэнэглэлт нь бараа, үйлчилгээний төлбөр хүлээн авах хэрэгсэл биш. Хөгжүүлэгч захиалагч, эцсийн хэрэглэгчээсээ төлбөр авахдаа цэнэглэлтийн нэхэмжлэх биш, 9-р бүлэгт заасан QPay үйлчилгээг ашиглана.
8.3. Үлдэгдэл нь Verify.MN-ийн Хөгжүүлэгчийн өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг. Банкны хадгаламж, цахим мөнгө биш бөгөөд хүү тооцогдохгүй. Үлдэгдэл туршилтын бонус, цэнэглэлт, орлого гэсэн гурван хэсэгтэй. Үйлчилгээний төлбөр эхлээд туршилтын бонусаас, дараа нь цэнэглэлтээс, сүүлд нь орлогоос хасагдана. Татан авалтаар зөвхөн орлогыг авна. Туршилтын бонус, цэнэглэлтийг зөвхөн энэ нөхцөлд заасан үйлчилгээний төлбөрт зарцуулна. Үлдэгдлийг өөр Хөгжүүлэгч болон гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжгүй.
8.4. Цэнэглэлтийг татан авах боломжгүй. Ашиглаагүй цэнэглэлтийг зөвхөн бүртгэл цуцлагдсан үед 15.4-т заасны дагуу буцаана. Буцаах дүн нь үлдэгдэлд орсон НӨАТ-гүй дүн бөгөөд НӨАТ буцаагдахгүй.
8.5. Орлого Хөгжүүлэгчид цэвэр дүнгээр олгогдоно. Хувь хүн Хөгжүүлэгчийн орлогод хуулиар ногдох суутгах татварыг Verify.MN өөрийн зардлаар төлж тайлагнана. Хуулийн этгээд Хөгжүүлэгч орлогоо өөрийн татварын тайланд тусгана. Хөгжүүлэгч Verify.MN-д баримт гаргах, тайлан өгөх үүрэггүй.
8.6. Бүртгүүлмэгц Хөгжүүлэгчийн үлдэгдэлд 5 000 төгрөгийн туршилтын бонус нэмэгдэнэ. Бонус хугацаагүй, бүх үйлчилгээнд ашиглагдана. Хэрэглээгээр үлдэгдэл 0 болж болно. Бонусыг татан авах боломжгүй бөгөөд бүртгэл цуцлагдахад буцаагдахгүй.
8.7. Хөгжүүлэгч орлогын үлдэгдлээсээ хүссэн дүнгээ бүртгэлтэй банкны данс руугаа татан авах хүсэлт гаргана. Татан авах доод дүн 1 000 төгрөг. Нэг зэрэг нэг л нээлттэй хүсэлт байна. Хүсэлтийн дүн гүйцэтгэгдэх хүртэл түр хориглогдоно.
8.8. Банкны данс нь Хөгжүүлэгчийн өөрийн нэр дээрх Монгол Улсын банкны данс байна. Дансны мэдээллийн үнэн зөвийг Хөгжүүлэгч хариуцна.
8.9. Verify.MN-ийн тогтоосон хязгаар дотор хүсэлтийг автоматаар гүйцэтгэнэ. Хязгаараас дээш хүсэлт, мөн Хөгжүүлэгч бүртгэлтэй банкны дансаа сольсноос хойш 24 цагийн дотор гаргасан хүсэлтийг Verify.MN шалгаж гүйцэтгэнэ. Хүсэлт бүртгэгдсэнээс банкны шилжүүлэг хийгдэх хүртэл ажлын 5-аас илүүгүй хоног.
8.10. Банк хоорондын шилжүүлгийн шимтгэлийг Verify.MN төлнө. Татан авалтад баримт, тайлан шаардахгүй бөгөөд хүсэлтийн дүнг бүхэлд нь шилжүүлнэ. Банк шилжүүлгийг татгалзвал хүсэлт хүчингүй болж, түр хориглогдсон дүн үлдэгдэлд буцаан орно. Хөгжүүлэгч дансны мэдээллээ засаад дахин хүсэлт гаргана.
8.11. Татан авалтын төлөв бүрийг console-д харуулна. Баталгаажсан имэйлтэй бол имэйлээр мөн мэдэгдэнэ. Хөгжүүлэгч гүйцэтгэгдээгүй хүсэлтээ цуцалж болно.
8.12. Verify.MN нь энэ нөхцөлийн дагуу Хөгжүүлэгчээс авах дүнг (7.7-д заасан залруулга, 12-р бүлэгт заасан нөхөн төлбөр) Хөгжүүлэгчийн үлдэгдлээс суутгах эрхтэй. Үлдэгдэл хүрэлцэхгүй бол зөрүүг Хөгжүүлэгч Verify.MN-ийн нэхэмжилснээс хойш 14 хоногийн дотор төлнө.
9. QPay үйлчилгээний тусгай нөхцөл
9.1. Verify.MN нь QPay-тэй байгуулсан гэрээний дагуу Хөгжүүлэгчийн системд QPay-аар төлбөр хүлээн авах боломжийг холбож өгнө. Нэхэмжлэх Verify.MN-ийн QPay-ийн бүртгэлээр үүсэх тул эцсийн хэрэглэгчийн банкны аппад хүлээн авагч тэр бүртгэлийн нэрээр харагдана. Хөгжүүлэгч төслийнхөө QPay-ийн тохиргоонд төлбөр хүлээн авах дансыг (өөрийн эсвэл захиалагчийнхаа) тохируулна. Төлбөр хүлээн авагчийг QPay-д тусад нь бүртгүүлэхгүй, төлбөр хүлээн авагч ба QPay-ийн хооронд гэрээ үүсэхгүй. Эцсийн хэрэглэгчийн төлсөн мөнгө тохируулсан данс руу шууд орно. Verify.MN тэр мөнгийг хүлээн авахгүй, хадгалахгүй, шилжүүлэхгүй.
9.2. QPay үйлчилгээг асааснаар Хөгжүүлэгч дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрч, захиалагчийнхаа данс руу төлбөр хүлээн авах бол түүнд мөрдүүлнэ.
- Гүйлгээний шимтгэл суутгагдсан дүнгээр төлбөрөө дансандаа хүлээн авна.
- Хуулиар хориглосон үйл ажиллагаа, бараа, ажил, үйлчилгээний төлбөрт QPay-г ашиглахгүй.
- Төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авна.
- QPay-аар төлсний төлөө эцсийн хэрэглэгчээс нэмэлт шимтгэл, суутгал авахгүй.
- Төлбөр хүлээн авах дансыг үнэн зөв тохируулж, өөрчлөгдөх бүрд шинэчилнэ. Захиалагчийн данс тохируулах бол түүний зөвшөөрлийг авсан байна.
9.3. Шимтгэлийн хэмжээ Хөгжүүлэгчийн сонгосон төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, Үнийн хүснэгтэд заагдана. Шимтгэл нь Хөгжүүлэгчийн хүлээн авах дүнгээс суутгагдана. Бараа, үйлчилгээнийхээ үнийг Хөгжүүлэгч өөрөө тогтооно.
9.4. Шимтгэл, үнэтэй холбоотой эцсийн хэрэглэгч, захиалагчийн аливаа асуулт, гомдол, шаардлагыг Хөгжүүлэгч өөрөө хүлээн авч шийдвэрлэнэ. Хөгжүүлэгч энэ асуудлаар Verify.MN болон QPay-г аливаа шаардлага, хариуцлагаас ангид байлгана.
9.5. Verify.MN тохиргооны мэдээллийг шалгах эрхтэй. Төлбөр хүлээн авах дансны дугаар буруу тохируулагдсанаас үүдсэн үр дагаврыг, гүйлгээ буруу данс руу орсныг оролцуулан, Хөгжүүлэгч хариуцна.
9.6. Эцсийн хэрэглэгчид төлбөр буцаах эсэхийг Хөгжүүлэгч өөрөө шийдэж, өөрөө гүйцэтгэнэ. Verify.MN болон QPay буцаалт хийхгүй.
9.7. Төлбөр дансанд орох хугацааг банк болон QPay тогтооно. Банк, төлбөрийн систем, амралтын өдрөөс шалтгаалсан саатлыг Verify.MN хариуцахгүй.
9.8. Хөгжүүлэгч нэхэмжлэх төлөгдсөн эсэхийг API-аар шалгаж баталгаажуулсны дараа бараа, үйлчилгээгээ олгоно. Callback ирээгүй эсвэл хоцорсноос үүдсэн үр дагаврыг Verify.MN хариуцахгүй.
9.9. Хууль бус гүйлгээ, мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрсэн, төлбөр хүлээн авах дансны мэдээлэл буруу болох нь тогтоогдсон эсвэл QPay шаардсан бол Verify.MN тухайн төслийн QPay үйлчилгээг урьдчилан мэдэгдэлгүй түр зогсооно.
9.10. Хөгжүүлэгч төлбөр хүлээн авах данс, гүйлгээний мэдээллийг үйлчилгээ үзүүлэх зорилгоор QPay-д дамжуулахыг зөвшөөрнө.
10. eBarimt үйлчилгээний тусгай нөхцөл
10.1. Verify.MN нь татварын албаны цахим төлбөрийн баримтын системд холбогдсон өөрийн кассын системээр борлуулагчийн нэр, татвар төлөгчийн дугаараар баримт гаргана. Борлуулагч нь Хөгжүүлэгч, эсвэл Хөгжүүлэгчийн бүртгүүлсэн татвар төлөгч. Борлуулагч холболтыг татварын албаны системд өөрөө баталгаажуулна.
10.2. Баримтын агуулга (дүн, бараа үйлчилгээний нэр ба ангилал, НӨАТ, худалдан авагчийн мэдээлэл) үнэн зөв байх, баримтыг хуулийн хугацаанд гаргах, татварын тайлан, төлбөрийн үүргийг борлуулагч хариуцна. Хөгжүүлэгч борлуулагчийн өмнөөс хүсэлт илгээж буй бол борлуулагчаас эрх авсан байна.
10.3. Кассын систем, түүний холболт, нэвтрэх эрх Verify.MN-ийн эзэмшил, удирдлагад байна. Эдгээр нь Хөгжүүлэгч, борлуулагчид шилжихгүй.
10.4. Verify.MN баримтын мэдээллийг зөвхөн татварын нэгдсэн системд илгээж, хариуг Хөгжүүлэгчид буцаана. Сугалааны дугаар, QR кодын агуулгыг Verify.MN хадгалахгүй. Хөгжүүлэгч баримтыг худалдан авагчид хүргэх бөгөөд баримтын өгөгдлийг өөр зорилгоор ашиглахгүй.
10.5. Буруу гарсан баримтыг Хөгжүүлэгч API-аар цуцалж, зөвийг дахин гаргана. Буруу баримтаас үүдэн татварын албаны өмнө үүсэх хариуцлагыг борлуулагч хүлээнэ.
10.6. Татварын албаны системийн тасалдлын үеийн баримтын мэдээллийг систем сэргэсний дараа Verify.MN нөхөж илгээнэ. Тасалдлаас үүдсэн саатлыг Verify.MN хариуцахгүй.
11. Үйлчилгээний хүртээмж, хамтрагч байгууллагын ажиллагаа
11.1. Verify.MN өөрийн системийг долоо хоногийн 7 өдөр, өдрийн 24 цагийн турш ажиллуулна. Төлөвлөгөөт засвар, шинэчлэлийг боломжит хамгийн богино хугацаанд хийж, Төлөв хуудсанд урьдчилан мэдэгдэнэ.
11.2. Verify.MN нь өөрийн удирдлагад байгаа программ хангамж, API, console, тооцооны бүртгэлийн ажиллагааг хариуцна.
11.3. Verify.MN дараах шалтгаанаас үүдсэн саатал, тасалдал, алдаа, хохирлыг хариуцахгүй.
- Үүрэн операторын сүлжээ, мессежийн системийн саатал, тасалдал, засвар, мессеж хүргэгдээгүй эсвэл хоцорсон байдал.
- QPay, банк, төлбөрийн системийн саатал, тасалдал, засвар.
- Татварын албаны цахим төлбөрийн баримтын системийн саатал, тасалдал, засвар.
- Интернэт сүлжээ, цахилгаан хангамж, үүлэн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн доголдол.
- Хөгжүүлэгчийн систем, код, тохиргоо, callback хаягийн хүртээмж.
- Эцсийн хэрэглэгчийн төхөөрөмж, утасны тооцооны үлдэгдэл, үүрэн операторын үйлчилгээний эрх.
- Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, давагдашгүй хүчин зүйл.
11.4. Хамтрагч байгууллага нөхцөл, тариф, техникийн шаардлагаа өөрчилсөн, үйлчилгээгээ хязгаарласан эсвэл зогсоосон бол Verify.MN холбогдох үйлчилгээгээ түүнд нийцүүлэн өөрчлөх, хязгаарлах, түр зогсоох эрхтэй. Энэ тухай мэдсэн даруйдаа мэдэгдэнэ.
11.5. Үйлчилгээний төлөв, саатлын мэдээллийг Төлөв хуудсанд харуулна. Саатал, тасалдлын шалтгаан, үргэлжилсэн хугацааг Verify.MN-ийн системийн бүртгэл болон хамтрагч байгууллагын мэдэгдлээр тогтооно.
11.6. Эцсийн хэрэглэгчид очих хариу мессежийн хүрэлт үүрэн операторын сүлжээнээс хамаарна. Verify.MN хариу мессежийн хүрэлтийг баталгаажуулахгүй. Хөгжүүлэгч үр дүнг өөрийн бүтээгдэхүүнд session-ийн төлөв эсвэл callback-аар харуулна.
11.7. Notify-ийн Илгээгдсэн төлөв нь үүрэн оператор мессежийг хүлээн авсныг илэрхийлнэ. Эцсийн хэрэглэгчид хүрсэн баталгаа биш.
11.8. Verify.MN-ийн өөрийн системийн буруугаас зардалтай хүсэлт биелээгүй бол тухайн хүсэлтэд суутгасан зардлыг үлдэгдэлд буцаана.
12. Санал, гомдол, гуравдагч этгээдийн шаардлага
12.1. Хөгжүүлэгчийн бүтээгдэхүүн, түүний үнэ, төлбөр, шимтгэл, буцаалт, мессеж ба имэйлийн агуулга, зөвшөөрөлтэй холбоотой эцсийн хэрэглэгч, захиалагч болон бусад этгээдийн санал, гомдол, шаардлагыг Хөгжүүлэгч өөрийн нэрийн өмнөөс, өөрийн зардлаар хүлээн авч шийдвэрлэнэ.
12.2. Ийм гомдол Verify.MN-д эсвэл хамтрагч байгууллагад ирсэн бол Verify.MN түүнийг бүртгэж, Хөгжүүлэгчид дамжуулна. Хөгжүүлэгч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор шийдвэрлэж, эцсийн хэрэглэгчийг хохиролгүй болгож, шийдвэрлэсэн тухайгаа Verify.MN-д мэдэгдэнэ.
12.3. Verify.MN гомдол гаргагчид болон холбогдох хамтрагч байгууллагад Хөгжүүлэгчийн нэр, холбоо барих мэдээллийг өгөх эрхтэй.
12.4. Хөгжүүлэгч гомдлыг 12.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй бол Verify.MN гомдлыг өөрөө шийдвэрлэж болно. Үүнд гарсан зардал, эцсийн хэрэглэгчид олгосон дүнг Хөгжүүлэгч нөхөн төлнө.
12.5. Хөгжүүлэгч үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо хамтрагч байгууллагад шууд гаргахгүй, Verify.MN-д гаргана. Эцсийн хэрэглэгч, захиалагчаа бүтээгдэхүүнтэйгээ холбоотой асуудлаар Verify.MN болон хамтрагч байгууллага руу чиглүүлэхгүй.
12.6. Хөгжүүлэгчийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, энэ нөхцөлийг зөрчсөн үйлдэл, эцсийн хэрэглэгч ба захиалагчид мэдээллийг дутуу, буруу өгсөн эсвэл зөвшөөрөл аваагүй байдлаас үүдэн эцсийн хэрэглэгч, захиалагч, бусад этгээд эсвэл төрийн байгууллагаас Verify.MN-д болон хамтрагч байгууллагад гаргасан шаардлага, нэхэмжлэл, торгууль, хохирол, зардлыг (хууль зүйн туслалцааны зардлыг оролцуулан) Хөгжүүлэгч бүрэн хариуцаж, нөхөн төлнө.
12.7. Хөгжүүлэгч өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны хууль ёсны байдлыг хууль, шүүх, төрийн байгууллагын өмнө өөрөө хариуцна.
12.8. Энэ бүлэг болон 4, 5, 9, 10-р бүлэгт заасан Хөгжүүлэгчийн үүрэг нь хамтрагч байгууллагын эрх, ашиг сонирхлыг мөн хамгаална. Хамтрагч байгууллага эдгээр заалтад тулгуурлан Хөгжүүлэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
13. Хариуцлагын хязгаар
13.1. Verify.MN-ийн хариуцлага ямар ч тохиолдолд тухайн хүсэлтэд бичигдсэн орлого, зардлын дүнгээр хязгаарлагдана.
13.2. Verify.MN нь алдагдсан ашиг, орлого, нэр хүндийн хохирол, өгөгдлийн алдагдал болон бусад шууд бус хохирлыг хариуцахгүй.
13.3. 13.1, 13.2-т заасан хязгаар нь хуулиар хязгаарлахыг хориглосон хариуцлагад үйлчлэхгүй.
13.4. Гал түймэр, газар хөдлөлт, үер зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлээгүй тал хариуцлага хүлээхгүй.
14. Нууцлал, мэдээлэл
14.1. Хувийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны дагуу боловсруулна.
14.2. Эцсийн хэрэглэгчийн мэдээллийн хувьд Хөгжүүлэгч нь мэдээлэл хариуцагч, Verify.MN нь Хөгжүүлэгчийн даалгавраар ажиллах мэдээлэл боловсруулагч. Эцсийн хэрэглэгчид мэдэгдэх, зөвшөөрөл авах үүргийг Хөгжүүлэгч хүлээнэ.
14.3. Хөгжүүлэгч эцсийн хэрэглэгчийн утасны дугаар, имэйл хаяг, мессежийн агуулгыг зөвхөн өөрийн бүтээгдэхүүний үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглана.
14.4. Хөгжүүлэгч эцсийн хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр холбогдох хамтрагч байгууллагад дамжуулахыг Verify.MN-д зөвшөөрнө. Хөгжүүлэгч эцсийн хэрэглэгчээс авах зөвшөөрөлдөө мэдээллийг Verify.MN болон хамтрагч байгууллага Нууцлалын бодлогод заасны дагуу, түүний дотор Монгол Улсын хилээс гадуур байрлах серверт боловсруулахыг хамруулна.
14.5. Мессежийн лог 30 хоног хадгалагдаж автоматаар устна. Дансны хөдөлгөөний бүртгэл санхүүгийн бүртгэлийн зорилгоор хадгалагдана.
14.6. Хөгжүүлэгч үйлчилгээг ашиглах явцад олж мэдсэн Verify.MN болон хамтрагч байгууллагын нийтэд ил болоогүй техникийн болон бизнесийн мэдээллийг бусдад задруулахгүй.
15. Хязгаарлалт, түдгэлзүүлэлт, цуцлалт
15.1. Verify.MN дараах тохиолдолд тухайн төсөл эсвэл үйлчилгээг шалгалт дуустал түр хязгаарлах эрхтэй.
- Брэнд батлагдаагүй, эсвэл дахин хянагдаж байгаа.
- Хэрэглээ хэвийн хэмжээнээс огцом өссөн, гомдол эсвэл амжилтгүй илгээлт олширсон.
- Түлхүүр алдагдсан, аюулгүй байдал зөрчигдсөн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа.
- Хамтрагч байгууллага эсвэл төрийн эрх бүхий байгууллага шаардсан.
- Хүсэлтийн тоо тогтоосон хязгаараас хэтэрсэн.
Хязгаарлалтын шалтгааныг console-д харуулна. Шалгалт дуусаж зөрчил илрээгүй бол хязгаарлалтыг цуцална.
15.2. Хөгжүүлэгч хууль тогтоомж зөрчсөн, энэ нөхцөлийг ноцтой эсвэл давтан зөрчсөн, залилан зэрэг бусдыг хохироосон үйлдэл хийсэн, эцсийн хэрэглэгчийг хохироосон гомдлыг шийдвэрлээгүй бол Verify.MN бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүй цуцалж, дансыг битүүмжилнэ. Битүүмжилсэн үлдэгдлийг эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа, эсвэл хохирлыг барагдуулсны дараа шийдвэрлэнэ.
15.3. 15.1, 15.2 болон 11.4-т зааснаас бусад тохиолдолд Verify.MN Хөгжүүлэгчийн үйлчилгээг зогсоохгүй, дансыг хаахгүй.
15.4. Хөгжүүлэгч бүртгэлээ хүссэн үедээ цуцалж болно. Шилжүүлэх үлдэгдэлтэй бол цуцлахаас өмнө банкны дансаа бүртгэнэ. Цуцлагдмагц орлогын үлдэгдлийг доод дүнгээс үл хамааран бүтнээр нь бүртгэлтэй банкны данс руу шилжүүлнэ. Ашиглаагүй цэнэглэлтийг сүүлийн цэнэглэлтээс хойш 30 хоног өнгөрсний дараа мөн тэр данс руу автоматаар шилжүүлнэ. Туршилтын бонус шилжихгүй бөгөөд цуцлагдсан бүртгэлийн утасны дугаарт дахин олгогдохгүй.
15.5. Verify.MN үйлчилгээг бүхэлд нь зогсоох бол 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, Хөгжүүлэгчид үлдэгдлээ татан авах боломж олгоно. Хамтрагч байгууллага үйлчилгээгээ зогсоосноос үүдэн тодорхой үйлчилгээ зогсох бол мэдсэн даруйдаа мэдэгдэнэ.
15.6. Гэрээ цуцлагдсан ч 12, 13, 14-р бүлгийн үүрэг хүчинтэй хэвээр үлдэнэ.
16. Маргаан шийдвэрлэх
16.1. Хөгжүүлэгч үйлчилгээний тооцоо, саатал, тасалдалтай холбоотой гомдлоо тухайн үйл явдлаас хойш 30 хоногийн дотор Verify.MN-д бичгээр гаргана. Мессежийн лог 30 хоног хадгалагддаг тул энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг Verify.MN-ийн санхүүгийн бүртгэлд үндэслэн шийдвэрлэнэ.
16.2. Verify.MN ба Хөгжүүлэгчийн хоорондох маргааныг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
17. Нөхцөлийн өөрчлөлт, холбоо барих
17.1. Verify.MN нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Хөгжүүлэгчийн эрх, үүрэгт нөлөөлөх өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэр, хамтрагч байгууллагын шаардлагаас үүдэх өөрчлөлтийг тэдгээрийн тогтоосон хугацаанаас мөрдөж болно. Өөрчлөлтийн дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан нь шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.
17.2. Мэдэгдлийг console-д харуулж, Verify.MN-ийн албан ёсны Facebook хуудсанд нийтэлнэ. Баталгаажсан имэйлтэй бол имэйлээр мөн илгээнэ.
17.3. Нөхцөлийн хүчин төгөлдөр хувилбар, огноо энэ хуудасны толгойд харагдана.
17.4. Энэ нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
17.5. Холбоо барих: [email protected], эсвэл Verify.MN-ийн албан ёсны Facebook хуудас.