Нууцлалын бодлого
Хувилбар 3.1 · 2026-11-23
Энэ бодлого нь Verify.MN ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэр удаан хадгалж, хэнд дамжуулж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана. Нэр томьёог Нэр томьёо хуудсанд заасан утгаар хэрэглэнэ.
1. Хамрах хүрээ, үүрэг
1.1. Бодлого дараах хүмүүсийн мэдээлэлд хамаарна.
- Verify.MN-д бүртгүүлсэн Хөгжүүлэгч.
- Хөгжүүлэгчийн тохируулсан төлбөр хүлээн авах дансны эзэмшигч, бүртгүүлсэн борлуулагч.
- Хөгжүүлэгчийн бүтээгдэхүүнээр дамжин тусгай дугаарт мессеж илгээсэн, мессеж эсвэл имэйл хүлээн авсан, нэхэмжлэх төлсөн, баримт авсан эцсийн хэрэглэгч.
- Цэнэглэлтийн нэхэмжлэх төлсөн хүн.
1.2. Хөгжүүлэгчийн өөрийн мэдээллийн хувьд Verify.MN нь мэдээлэл хариуцагч.
1.3. Эцсийн хэрэглэгчийн мэдээллийн хувьд Хөгжүүлэгч нь мэдээлэл хариуцагч, Verify.MN нь Хөгжүүлэгчийн даалгавраар ажиллах мэдээлэл боловсруулагч. Эцсийн хэрэглэгчид мэдэгдэх, зөвшөөрөл авах үүргийг Хөгжүүлэгч хүлээнэ. Verify.MN эцсийн хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн тухайн хүсэлтийг биелүүлэх, тооцоо хөтлөх, аюулгүй байдлыг хангах зорилгоор боловсруулна.
2. Цуглуулдаг мэдээлэл
2.1. Хөгжүүлэгчийн бүртгэл: нэр, утасны дугаар (нэвтрэлт), имэйл хаяг (сонголттой, зөвхөн мэдэгдэлд). Нууц үг хадгалагдахгүй. Нэвтрэлт утасны дугаарын баталгаажуулалтаар хийгдэнэ.
2.2. Төсөл ба брэнд: төслийн нэр, брэндийн нэр, лого, вэб сайтын хаяг, домэйний баталгаажуулалтын төлөв.
2.3. Төлбөр тооцоо: банкны дансны дугаар ба эзэмшигчийн нэр (татан авалт, QPay-ийн төлбөр хүлээн авах данс), цэнэглэлтийн нэхэмжлэх ба төлбөрийн бүртгэл, дансны хөдөлгөөн, татан авалтын хүсэлт.
2.4. Үйлчилгээний өгөгдөл.
- Verify, MicroPayment, Rule, Notify: эцсийн хэрэглэгчийн утасны дугаар, мессежийн агуулга, үүрэн оператор, тусгай дугаар, хугацаа, үр дүн.
- Email: хүлээн авагчийн имэйл хаяг, сонгосон загвар, загварт оруулсан өгөгдөл, хугацаа, үр дүн.
- QPay: нэхэмжлэхийн дүн, гүйлгээний утга, төлбөр хүлээн авах данс, төлөв, хугацаа.
- eBarimt: борлуулагчийн нэр ба татвар төлөгчийн дугаар, баримтын дүн, бараа үйлчилгээний нэр ба ангилал, худалдан авагчийн төрөл, байгууллага бол татвар төлөгчийн дугаар, төлөв, хугацаа.
- Callback: Хөгжүүлэгчийн заасан хаяг, илгээсэн агуулга, хариуны төлөв.
2.5. Техникийн мэдээлэл: нэвтрэлтийн болон API хүсэлтийн IP хаяг, хөтчийн мэдээлэл, хугацаа. Аюулгүй байдал, алдаа илрүүлэх зорилгоор цуглуулна.
2.6. Нийтийн хуудас болон бүртгэл үүсэх үед зочлолтын статистик, сурталчилгааны үр дүнг хэмжих мэдээлэл цуглуулж, хэмжилтийн үйлчилгээ үзүүлэгчид дамжуулж болно. Console-ийн дотор хэмжилтийн хэрэглүүр ажиллахгүй.
3. Хадгалдаггүй, далдалдаг мэдээлэл
3.1. Нэг удаагийн код зэрэг нууц утгыг хадгалахгүй. Нууц утга зөвхөн мессеж, имэйлийг хүргэх хамтрагч байгууллагад дамжина. Notify-ийн мессеж, Email-ийн гарчиг ба агуулга, хүсэлтийн логт түүний оронд далдалсан тэмдэгт бичигдэнэ. Хөгжүүлэгч ч логоос нууц утгыг харахгүй.
3.2. eBarimt-ын сугалааны дугаар, QR кодын агуулгыг хадгалахгүй. Эдгээр нь зөвхөн тухайн хүсэлтийн хариунд Хөгжүүлэгчид буцна.
3.3. API түлхүүрийг сэргээх боломжгүй хэлбэрээр (хэш) хадгална. Түлхүүр үүсэх үедээ нэг удаа бүтнээр харагдана.
3.4. Хүсэлтийн нэвтрэх мэдээлэл (API түлхүүр, Authorization толгой) болон Verify.MN-ийн хамтрагч байгууллагын системд нэвтрэх нууц түлхүүр логт бичигдэхгүй.
3.5. Техникийн логт утасны дугаарыг бүтнээр бичихгүй.
3.6. Мессеж, имэйлийн логт эцсийн хэрэглэгчийн утасны дугаар эсвэл имэйл хаяг, ашигласан загвар, нууц утгыг далдалсан агуулга, эцсийн хэрэглэгчээс тусгай дугаарт ирсэн мессежийн агуулга, хугацаа, үр дүн хадгалагдана. Энэ логийг зөвхөн тухайн төслийн Хөгжүүлэгч өөрийн console-оос харна.
4. Ашиглах зорилго
4.1. Үйлчилгээ үзүүлэх: мессеж хүлээн авах ба илгээх, session баталгаажуулах, имэйл илгээх, нэхэмжлэх үүсгэх, баримт гаргах, callback илгээх, дансны тооцоо хөтлөх, татан авалт гүйцэтгэх.
4.2. Мэдэгдэл: үлдэгдлийн анхааруулга, татан авалтын төлөв, нэхэмжлэх төлөгдсөн, үйлчилгээ ба нөхцөлийн өөрчлөлтийг console-д харуулах, Хөгжүүлэгч имэйл хаягаа баталгаажуулсан бол имэйлээр илгээх.
4.3. Аюулгүй байдал ба хяналт: хууль бус хэрэглээ, залилан, бусдын брэндийг дуурайсан бүртгэл, системийн алдааг илрүүлэх, шалгах. Брэндийн нэр, логог автомат болон гар аргаар хянана.
4.4. Гомдол шийдвэрлэх: эцсийн хэрэглэгч, хамтрагч байгууллагаас ирсэн гомдлыг холбогдох Хөгжүүлэгчид дамжуулах, шийдвэрлэлтийг хянах.
4.5. Хууль тогтоомжийн үүрэг: санхүү, татварын бүртгэл, эрх бүхий байгууллагын хуульд заасан хүсэлт.
4.6. Verify.MN мэдээллийг зарахгүй. Эцсийн хэрэглэгчийн мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ашиглахгүй, бусдад өгөхгүй.
5. Хадгалах хугацаа
5.1. Мессеж, имэйл, нэхэмжлэх, баримтын хүсэлтийн лог 30 хоног хадгалагдаж автоматаар устна.
5.2. Дансны хөдөлгөөн, цэнэглэлт, татан авалтын бүртгэл санхүүгийн бүртгэлийн зорилгоор хуульд заасан хугацаагаар хадгалагдана.
5.3. Бүртгэлийн мэдээлэл бүртгэл цуцлагдах хүртэл хадгалагдана. Цуцлалтаас хойш санхүүгийн бүртгэлд шаардлагатай хэсгийг л үлдээнэ.
5.4. Техникийн лог 90 хоногоос илүүгүй хадгалагдана.
6. Хэнд дамжуулах
6.1. Verify.MN мэдээллийг зөвхөн тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр, дараах байгууллагад дамжуулна.
- Үүрэн операторууд: мессеж илгээх, хүлээн авахад эцсийн хэрэглэгчийн утасны дугаар, мессежийн агуулга.
- QPay: төлбөр хүлээн авах данс, нэхэмжлэхийн дүн, гүйлгээний утга.
- Банк: татан авалтын шилжүүлэгт Хөгжүүлэгчийн данс, эзэмшигчийн нэр, дүн. Дансны эзэмшигчийн нэрийг лавлахад дансны дугаар.
- Татварын албаны цахим төлбөрийн баримтын систем: баримтын мэдээлэл.
- Имэйл хүргэлтийн үйлчилгээ: хүлээн авагчийн имэйл хаяг, имэйлийн агуулга.
- Сервер, өгөгдлийн сан, сүлжээний үүлэн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид: Verify.MN-ийн системд хадгалагдах өгөгдөл.
- Залилан, дуурайлтаас хамгаалах автомат шалгалтын үйлчилгээ: брэндийн нэр, лого, вэб сайтын хаяг.
- Зочлолт, сурталчилгааны үр дүнг хэмжих үйлчилгээ үзүүлэгч: 2.6-д заасан хэмжилтийн мэдээлэл.
6.2. Эдгээр байгууллага мэдээллийг өөрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор, хууль тогтоомж болон Verify.MN-тэй байгуулсан гэрээний дагуу боловсруулна.
6.3. Өгөгдөл Монгол Улсын хилээс гадуур байрлах серверт хадгалагдаж, боловсруулагдаж болно.
6.4. Эцсийн хэрэглэгч эсвэл хамтрагч байгууллагаас Хөгжүүлэгчийн бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол ирсэн бол Verify.MN гомдол гаргагчид болон холбогдох хамтрагч байгууллагад Хөгжүүлэгчийн нэр, холбоо барих мэдээллийг өгч болно.
6.5. Батлагдсан брэндийн нэр, логог Verify.MN-д холбогдсон брэндийн нийтийн жагсаалтад харуулна. Тухайн брэнд ямар үйлчилгээ ашигладгийг харуулахгүй.
6.6. Эрх бүхий байгууллагын хуульд заасан хүсэлтээр мэдээллийг хуулийн дагуу өгнө.
7. Хамгаалалт
7.1. Бүх дамжуулалт шифрлэгдсэн сувгаар (HTTPS) хийгдэнэ. Өгөгдлийн санд өгөгдөл шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана.
7.2. Мэдээлэлд хандах эрхийг ажил үүргийн хэрэгцээгээр хязгаарлана. Хөгжүүлэгч зөвхөн өөрийн төслийн мэдээллийг харна.
7.3. Хамтрагч байгууллагын системд нэвтрэх түлхүүр, тохиргоог Verify.MN өөрийн системд тусгай хамгаалалттай хадгалж, Хөгжүүлэгчид өгөхгүй.
7.4. Хамтрагч байгууллагаас хүлээн авсан мэдээлэл болон тэдэнтэй байгуулсан гэрээний нөхцөлийг Verify.MN нууцална.
7.5. Мэдээллийн аюулгүй байдал зөрчигдсөн нь тогтоогдвол Verify.MN хор уршгийг арилгах арга хэмжээ авч, нөлөөлөлд өртсөн Хөгжүүлэгчид болон хуульд заасан байгууллагад мэдэгдэнэ.
8. Мэдээллийн эзний эрх
8.1. Хөгжүүлэгч бүртгэлийн мэдээллээ console-оос харж, засах, бүртгэлээ цуцлах хүсэлт гаргах эрхтэй. Бүртгэл цуцлах хүсэлтийг 30 хоногийн дотор биелүүлнэ.
8.2. Эцсийн хэрэглэгч өөрийн мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах хүсэлтээ тухайн бүтээгдэхүүнийг эрхэлдэг Хөгжүүлэгчид гаргана. Verify.MN Хөгжүүлэгчийн хүсэлтээр дэмжлэг үзүүлнэ.
8.3. Мессеж хүлээн авахаас татгалзах хүсэлтийг эцсийн хэрэглэгч Хөгжүүлэгчид гаргана. Үүрэн операторын тогтоосон журмаар тусгай дугаараас ирэх мессежийг хязгаарлуулж мөн болно.
8.4. Асуулт, хүсэлтийг [email protected] хаягаар эсвэл Verify.MN-ийн албан ёсны Facebook хуудсаар илгээнэ.
9. Өөрчлөлт
9.1. Бодлогын өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Хүчин төгөлдөр хувилбар, огноо энэ хуудасны толгойд харагдана.